ТУИС-ын хосолсон зэрэгтэй хөтөлбөр

ТУИС-ын хосолсон зэрэгтэй хөтөлбөр
© TSU

Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль болон хамтран ажилладаг их сургуулиуд нь гадаад элсэгчдэд бакалавраас докторын зэрэг хүртэл төрөл бүрийн боловсролын түвшний хамтарсан хөтөлбөрүүд санал болгодог.

1878 онд байгуулагдсан ТУИС нь хамгийн эрэлттэй чиглэлүүдээр чанартай боловсрол олгодог бөгөөд 200 гаруй хөтөлбөрөөс сонгох боломжтой. ТУИС Европ, Азийн нэртэй их сургуулиудтай хамтран ажилладаг. Тус их сургууль Лондонгийн их сургуультай хамтран “Бизнес ба менежмент” (бакалавр), “Их өгөгдлийн дүн шинжилгээ” (магистр) гэх мэт хосолсон зэрэгтэй хөтөлбөрүүд санал болгодог.

Хятад улсын Шэньян Лигун их сургуультай хамтарсан хөтөлбөрүүд: "Орос хэл", "Хими", "Мэдээлэл зүй", "Санхүүгийн эдийн засаг." Оюутнуудыг эхний хоёр жилд Хятадын их сургуульд, 3 болон 4 дэх жилд нь ТУИС-д сургадаг.

ТУИС Киргиз, Казахстанд хамтран ажилладаг дээд сургуулиудтай. “Евразийн интеграци” бол Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургууль, Киргизийн Гадаад хэргийн яамны К.Дикамбаевын нэрэмжит Дипломат академи, Казахстаны Л.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуультай хамтарсан хосолсон зэрэгтэй магистрын хөтөлбөр юм.

ТУИС-ын Европын их сургуулиудтай хамтарсан магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд: Нидерландын Маастрихтын их сургуультай хамтарсан “Био анагаах ухааны физик аргачлал ба мэдээллийн технологи”; Португалийн Коимбрын их сургуультай хамтарсан “Санхүү”; Францын Лилл 1 их сургуультай хамтарсан "Түүхэн болон бүс нутгийн геологи"; Францын Политехникийн их сургуультай хамтарсан “Физик, математик, мэдээлэл зүйн мэргэжлийн чиглэл" гэх мэт.

ТУИС-ын хосолсон зэрэгтэй докторын хөтөлбөрүүд: төгсөгчдөд “Дэд эрдэмтэн” докторын зэрэг болон Оросын эрдмийн зэрэг олгодог бөгөөд оюутнууд дипломын ажлаа ТУИС болон хамтран ажилладаг их сургуулиудад хоёр удирдагч багшийн удирдлагын дагуу хийдэг. Тус хөтөлбөрүүдэд Испанийн Сарагосагийн их сургуультай хамтарсан “Биологийн шинжлэх ухаан”; Герман улсын Франкфуртын Гёте их сургуультай хамтарсан “Философи, ёс зүй ба шашин судлал”, Францын Руаны их сургуультай хамтарсан “Математик ба механик” зэрэг хөтөлбөр багтдаг.

“Математикийн шинжилгээ ба загварчлал” бол Францын Руан их сургуультай хамтран санал болгодог ТУИС-ын хамгийн эрэлттэй хөтөлбөрүүдийн нэг юм. Тус хөтөлбөр нь төслийн үйл ажиллагаа, мэдээллийн дүн шинжилгээ болон судалгаа хийх чиглэлээр чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэдэг. Төгсөгчид нь Alcatel, IFP Energies Nouvelles, Continental Automotive France, Michelin, Le Groupe Renault, Le Groupe EDF, «SIAM», «TomskNIPIneft» гэх мэт өндөр технологитой компаниудад ажилладаг.

Сургалтын байр: Эхний хоёр жил ТУИС, 3 болон 4 дэх жилдээ Руаны их сургуульд сурна. Сургалтын хөтөлбөр нь үйлдвэрлэлийн математик, оновчлолын аргачлал, супер компьютерын технологи, дадлага хийх зэрэг ерөнхий ба тодорхой чиглэлүүдийг хамардаг. Оюутнууд хоёр дахь жилдээ удирдагч багшийн удирдлага доор магистрын ажлаа бичдэг. Оюутан тус бүрд зориулж сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө гаргадаг.

Тус хөтөлбөрт элсэхийг хүсэгчид математик, инженерчлэлийн мэргэжлээр бакалавр/мэргэжлийн зэрэгтэй, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, өмнөх сурч, ажиллаж байсан газраасаа тодорхойлолт авч ирэх шаардлагатай.

Сургалтын төлбөр: Хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын иргэдийн хувьд нэг жилд 154,300 рубль, бусад орны иргэдийн хувьд нэг жилд 185,200 рубль. Төгсөгчид нь Руаны их сургуулийн суурь болон хэрэглээний математикийн магистр, ТУИС-ын математикийн магистр гэсэн хоёр магистрын зэрэгтэй төгсдөг.

Хэрэв та Үндэсний судалгааны Томскийн улсын их сургуульд сурахыг хүсвэл тус сургуулийн төлөөлөгчидтэй холбогдоно уу. Та хувийн бүртгэл үүсгээд тус их сургуультай холбогдох боломжтой. Та ажлын арван өдрийн дотор хариу хүлээж авна.

Хуваалцана уу